АН-ын бүлэг Х.Баттулгын хийсэн нэвтрүүлгээс болж дотроо зад хэрэлдэж түүний эсрэг хөдлөхөөр болжээ

АН-ын бүлэг Х.Баттулгын хийсэн нэвтрүүлгээс болж дотроо зад хэрэлдэж түүний эсрэг хөдлөхөөр болжээ

Өчигдөр УИХ- дахь АН-ын бүлгийнхэн бүтэн өдөржин хуралдаж өнжив. Тэд байнгын хороо нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудаас гадна цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэж байгаа тул хурал нэлээд сунжирч байна гэсэн товчхон мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Тэгвэл цаг үеийн чухал гэсэн тодорхойлолттой чухам ямар асуудал тэднийг ийнхүү бүтэн өдөржин хаалттай хуралдахад хүргэв гэдэг нь олон хүнийг сонирхолыг татаж байлаа. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар өчигдөр АН-ынхан Х.Баттулга гишүүнээс болж хоорондоо зад авалцаж ширүүн галтай хуралдсан байна. 

    Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын ажлаа сайн дураар өгч, Ерөнхий сайд намын нөхөдтэйгээ бодлого нийлэхгүй болсны улмаас цаашид “сөрөг хүчин” байна гэдгээ мэдэгдсэн түүний “Hero” студиэр захиалгаар хийлгэсэн 100 сэдэв нэвтрүүлэг эрх баригчдын эгдүүцлийг туйлын их хүргэжээ. 

    Нэг хэсэг гишүүд АН-ын удирдлагуудтай ам, түнжин муудсан Х.Баттулгатай ойлголцож ажиллахыг уриалж, түүнтэй хэл амаа ололц гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Гэвч Х.Баттулга бүлгийн хуралдаа суугаагүй, түүнтэй ярилцахаар залгасан намынхаа нөхдийг дуудлагыг авахгүй гүрийсэн байна. Цаашдаа тэрээр бүлгийнхээ хуралд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа аж. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч намынхандаа хатуу үг хаягласнаас хойш бүлгийн хуралдаа суухаа больсон. Тэгвэл Х.Баттулга ч мөн түүний араас орж намынхаа бүлгийн хуралд суухгүй болж байх шиг байна. 

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний баг “Гашуунсухайт-Тавантолгой” чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавихаар бодлогоо тодорхойлж намын бүлэг дээрээ нэгдсэн шийдэлд хүрсэн ба МАН болон бусад намууд ч үүнээс өөр хувилбар байхгүй гэдэгтэй үндсэндээ эвлэрээд байгаа. Гэтэл намынхаа бодлогыг сөрж нэгэнт бүтэл муутай болох нь нотлогдсон өргөн царигийн үлгэрээ “Хятадын айдас”-аар хачирлан олон нийтийн санаа бодлын эмзэг цэгийг дарж ард түмнийг АН, Н.Алтанхуягийн Засгийн газрын эсрэг чиглүүлэх ажлыг Х.Баттулга зохион байгуулсаар байгаа. 

    Үүнд эгдүүцсэн гишүүд Х.Баттулгыг нэлээд хүчтэй шүүмжилж “Түүнтэй алалцья” гэсэн эвгүй этгээд үгсийг ч хэлсэн гэх. АН-ын нэрээр ард түмний дэмжлэгийг авч сонгогдсон Х.Баттулга АН-ынхаа олонхиороо баталсан бодлого шийдвэрийг дагах ёстой. Тэгэхгүй ганцаарчлан тоглолт хийж өөрийнхөө рейтингийг өсгөөд намаа муухай харагдуулах ажлыг хийгээд байж болохгүй гэж бүлгийн хуралд суусан гишүүдийн олонхи нь байр сууриа илэрхийлжээ. 

    Тэр ч бүү хэл Х.Баттулга өөрөө ийм хар Пи-Арыг эхлүүлж байгаа бол түүний эсрэг нэвтрүүлэг хийе гэсэн санаа ч хүчтэй яригдсан байна. Тэртээ олон жилийн өмнөх 17 чингэлэг спиртийн хэргийг эргэн сөхөх, түүний огт татвар төлдөггүй бизнесүүдийг илчлэх тухай санаачлага ч нэлээд гарсан байна. Намынхаа нөхдийг хүндэтгэхгүй бодлого шийдвэртэй ч санал нийлэхгүй байгаа бол түүнтэй нэгийгээ үзье гэж эгдүүцсэн гишүүд олон байсан гэнэ. 

    Харин намын удирдлагууд нь ямартай ч түүнтэй ярилцаж санаа бодлыг нь сонсоё, намынхаа бодлогын хүрээнд асуудлаа ярья гэсэн аядуу байр суурийг илэрхийлсэн ч “Х.Баттулгатай яриад байх зүйл байхгүй түүнд хариуцлага тооцох ёстой, Х.Баттулгын энэ үйлдэлд намын удирдлагууд онцгой анхаарч арга хэмжээ ав” гэсэн шахалтыг олон гишүүн үзүүлсэн байна. 

    Энэ бүхний эцэст АН-ын бүлгийнхэн Х.Баттулгын эсрэг дорвитой хөдлөх дээр тогтсон байна. Ингээд түүний ажил албатай холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, түүний эсрэг нэвтрүүлэг хийх зэрэг сөрөг арга хэмжээнүүдийг авч эхлэх болсон гэдгийг эх сурвалж онцолж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button